Цэрэн жанжин

Монголын ихэнх овог аймгуудыг нэгтгэсэн Манж нарын эсрэг Халх болон Зүүнгарын Ойрадууд л тэмцэж байв. Хойд талаасаа газар нутаг, албат иргэдээ булаалдан зөрчилтэй байсан Орос, өмнөд талаасаа тухайн үед нэн хүчирхэгжиж байсан Манж, баруун талаасаа ашиг сонирхлын том зөрчилтэй байсан Зүүнгарын Хант улсуудад хавчигдсан Халх Монгол мөн дотооддоо хямралтай, язгууртан ноёдын газар нутаг, эд хөрөнгө булаалдсан тэмцэлтэй байсан нь Халх түмний доройтлын гол шалтгаан болсон юм. Гэхдээ тухайн үеийн дэлхийн биш гэхэд, Азийн хамгийн том армийг хаашаа ч илгээн байлдан, довтлох чадвартай байсан Манжийг цэргийн хүчээр бус арга, илбэ, алсын хараагаар тогтоон барьж их эзэн, суут богд Чингис хааныхаа голомтыг бөхөөлгүй туурга тусгаар улсаа сахин хамгаалж байв. Манжууд Хятадыг эзэлснээр хүн хүч, хүнс, эд материалын асар их нөөцөнд хүрч чадсан үе байсан тул хүссэн тооны цэрэг гаргах чадвартай улс болсон байв.

1688 оны хавар Түшээт хан Чахундорж дүү Шижир тайжид 6000 цэрэг захируулан Хотгойдын Гэндэн баатарын дүүгийн хамт хойд хязгаараа илбэн тохинуулж Байгаль нуур орчим суурьшин цайз бэхлэлт бариад байсан Оросуудыг хөөлгөхөөр явуулав. Шижир баатарын цэрэг амжилттай байлдаж Байгалийн өмнөх Оросын бүх цайзуудыг нурааж Үд голд хүрэн Байгаль нуурын хойд руу довтлохоор бэлдээд байв. Хана хэрэм, цэргийн хүрээ, бэхлэлт эвдэх галт зэвсэг, их буу муутай байсан тул Орос цэргийн бэхлэлт эзлэн авахад цаг хугацаа их зарцуулж бас хүн хүчний хохирол ихээр амсаж байв. Тухайн үед Их Орос улс жил, сараар бус, хоногоор газар нутгаа тэлж байсан үе юм. Гэвч Шижир баатар Байгаль нуурын хойд хязгаар луу хэзээ ч орох хувьгүй байж, учир нь яг тэр үед Халх руу Зүүнгарын Галдан их цэргийн хүчээр довтоллоо гэсэн мэдээ ирж яаран нутаг буцах хэрэг гарсан юм. Xалхын бүрэн зэвсэглэсэн, хангамж сайтай, өөрийн нутаг дээрээ байгаа 6000 цэрэгтэй оросууд тулахаас ихэд эмээж байсан ба тэдний Умард Халхыг нэгтгэн авах бохир төлөвлөгөө нь Халхын дайснуудтай нь нэгдсэнээр биелэх байв. Их Сибирийг нэгтгэн авахдаа, нэг бага ястанг нь нөгөөгийнх нь эсрэг тавин эзэлснийхээ дараа өөр бага ястанг тэр бага ястан руу турхиран эзэлдэг дипломат аргаа мөн хэрэглэжээ. Шижир баатарт цохиулсан Оросууд өш санан Зүүнгартай цэргийн нууц гэрээ байгуулсан аж. Оросууд холбоотон Зүүнгартай байгуулсан гэрээгээрээ зэрэг довтлон орох ёстой байсан боловч Халхын их цэргийг Байгаль нуураас буцан татагдахыг тэвчээртэй хүлээж, баттай холдон явсныг нь мэдмэгц Умард Халх буюу Буриад хошуудыг эзэнгүй хонинд чоно довтлон орох мэт өчүүхэн ч төдий эсэргүүцэлгүйгээр эзлэн авчээ. Умард Халхад байлдах насны эрчүүд нэг ч үлдээгүй бөгөөд эх орон луу нь довтолсон Галдан Бошигтийн дээрэмчидтэй тулалдахаар явсан байж. Умард Халхад жагсаалаараа орж ирсэн Оросууд Галдангийн алан хядагчид шиг аймаглан устгал, тонон дээрэмдэлт хийгээгүй бөгөөд хүүхэд, хүүхнүүд, хөгшид ямар эсэргүүцэл үзүүлсэн нь тодорхой юм. Улс төрийн хувьд ганцаардаж, цэрэг дайны бэлтгэл муу, хамаг анхаарлаа хойд зүгт Оросуудад хандуулаад байсан чухам ийм л эмзэг үед нь Манж, Оросуудтай үгсэн хуйвалдсан Зүүнгарын Галдан бошигт их хүчээр Халх руу ар хударгаар довтолсон нь Монгол түмэнд харамсаж барамгүй уршигт үр дагаврыг авчирч Монголын түүхэн дэх урт удаан гашуун зурвас үеийн эхлэлийг тавьсан юм. Гэнэдүүлэн довтолсон амжилтандаа эрдсэн холбоотны цэргийн баруун фронтын жанжин Галдан бошигт Халх Монголын газар нутгийг нь түймэрдэн шатааж, ард иргэдийг нь хүйс тэмтэрч, язгуур угсаат ихэс дээдсийг нь хоморголон хөнөөх бодлого явуулж байсан тул Халхын ноёдууд ард иргэдээ аван хойш, урагш таран зугтаж Манж чин улс, Хөх нуурын хязгаар, мөн саяхан дайтаж байсан Орос лугаа одох болжээ. Эр хүйстэн болгоныг нь хүүхэд өвгөд ялгалгүй хядав. Лам нарыг ч ялгалгүй хядав. Олзлогдсон эрчүүдийг хүн бусаар тамлан зовоосны эцэст амийг нь таслаж байв. Тэдэнд дагаж мөрдөх эр цэргийн сахилга бат, хууль дүрэм гэж огт байгаагүй ба Халхыг дайлан тохинуулж яваа их улсын журамт цэрэг бус зохион байгуулалттай алан хядагчид, гаж донтонгууд, дээрэмчдийн бүлэглэл байв. Олзлогдсон бие давхар Халх эмэгтэйчүүдийг төрөхийг нь хүлээж хэрэв охин төрвөл үлдээж хүү төрвөл эхээс нь булаан авч хороодог байв. Дээрэмчдийн иймэрхүү бузар үйлдлүүдийг хүчинд автан ирсэн энгийн Ойрад иргэд ихэд жигшин зэвүүцэж өөрийнхөө амь насанд эрсдэл учруулан байж өөрийн охин хүүхдээрээ сольж аван өсгөх эсвэл зандалчдаас өрсөн нярай хөвгүүдийг үрчлэн авах зэргээр өрөвдөлтэй Халх эхчүүдийг зовлонгоос нь хөнгөлж байв. Галдан тооцоогоо энгийн Халх иргэдтэй хийсэн бөгөөд Занабазар, Чахундорж нартай огтоос хийгээгүй юм. Хэл, соёл, угсаа язгуур нэгт энгийн номхон ард иргэдийг ямар ч өршөөлгүйгээр хядав. Ингэж Халх Монгол Манжид дагаар орох эхлэл тавигджээ(1691). Халхууд эх орноо алан хядагчдаас чөлөөлсний дараа, Алтай даван Зүүнгар луу (өнөөгийн Шинжаан) зугтан гарч чадаагүй, дагаар орсон энгийн Ойрад иргэдийг өш санан огтоос хядаагүй бөгөөд, бүр хошуу байгуулан эх нутагтаа суурьшуулсан нь өнөөгийн Өөлдүүд болой. Энэ үед өнөөгийн Увс, Ховдод Баяд, Дөрвөд, Захчин, Торгууд, Урианхай зэрэг аймгууд Ойрадын холбооноос салан цагаачлан ирээгүй байв. Хэл, соёл , үндэс угсаа нэгтнээ хядан үндсийг нь таслах бузар гэмт хэрэг үйлдэх тийм хүн Халхын удирдагчдын дунд нэг ч байгаагүй нь гайхамшигтай бөгөөд энэ нь Халх түмэн ямар их даруу төлөв, хүнлэг, өршөөнгүй, алсыг хардаг ард түмэн гэдгийг харуулсан юм. Зовлонт жилүүдийг дүрвэгчдийн байдлаар харь нутагт 3 оныг өнгөрүүлсэн Халхын эгэл жирийн ард иргэд Манжуудын тулгаснаар дагаар орж, Халх-Манжийн цэргийн нэгдсэн хүч Галдангийн дээрэмчдийг 1696 онд бут ниргэсний дараа буюу дүрвэснээсээ хойш 8 жилийн дараа л төрөлх эх нутгийнхаа барааг харжээ. Анх дүрвэсэн иргэдийн 3-ны 2 нь л буцаж эх нутагтаа ирэх хувьтай байж. 3-ны 1-ийн хувьд гэвэл зарим нь өвөр Монголд бүрэн сууршиж, үлдсэн нь хэд хэдэн удаа гарсан өлсгөлөн, өвчинд нэрвэгдэж үгүй болжээ. Буриад албат иргэдийн талаар бүр ч ярих зүйл байхгүй болжээ. Халхууд өвөр Монголд дүрвэн амьдарч байх хооронд Оросууд Буриад хошуудад өөрсдийн засаг захиргаагаа 1688 оны эцэс гэхэд бүрэн тогтоож дарангуй Казак цэргүүдээ Түшээт хан, Сэцэн ханы үзэсгэлэнт хөвчийн ногоон нутаг болох Байгаль нуурын баруун, хойд хязгаар, Байгалийн өмнөх нутаг, зүүн талын Хялга, Онон голын дагуух нутагт бэхлэн суулгасан байв. Галдангийн довтолгоон ингэж Халхын үзэсгэлэнт хөвчийн ногоон нутаг болон Монголын мах цусны тасархай ахан дүүс болох Умард Халх буриадуудыг өөрийн холбоотон хаант Орост үүрд "бэлэглэснээр" дууссангүй Халхыг Манжид дагаар оруулснаар өндөрлөжээ. Галдан, хүний хувьд гаднаа маш догшин ширүүн авиртай боловч дотроо их хартай, аймхай хүн байжээ. Хортой архинаас айж эхнэртээ түрүүлэн архи өгч уулгасны дараа өөрөө уудаг, өчүүхэн нялх хөвгүүд өсч, эрийн цээнд хүрч түүний зандалчдаас хороолгосон эцэг, ах нарынхаа өшөөг авахаар босч, улмаар түүний тогтоосон харгис дэглэмийг түлхэн унагааж агуу уудам Халх нутгаа түүний алан хядагчдаас чөлөөлнө гэхээс үхтлээ айж нэг ч эр сүвтэн Халхыг амьд үлдээдэггүй байж. Ингээд Ойрадын довтолгоон Галдан Бошигтоор, Халх Манжид дагаар орсноор бас дуусах болоогүй байжээ.

Цагийн ороо бусгаа энэ үед хожмоо Халхын Сайн Ноён Хан аймаг хэмээн тусгаарласан, тухайн үеийн Түшээт ханы харьяа Түмэнхан ноёны угсааны сурвалжит бэр нэгэн бүсгүй өнчин хоцорсон нялх балчир хоёр хөвүүнээ дагуулан олны хамтаар өмнө зүг дайжин одсон аж. Галдан бошигтын гарт орж гарцаагүй хөнөөгдөх аюулаас дайжин бэлэвсэн эхийгээ даган одсон өөдсөн чинээ өчүүхэн балчир хоёр хөвүүний бага нь хожим түүхнээ эфү гэж алдаршсан Халх Монголын суу билэгт авьяаслаг жанжин Цэрэн байжээ. Багаасаа эрдэм номд шамдан суралцаж цэрэг дайны арга барилд сайтар боловсорсон Цэрэн зориг тэвчээр, авхаалж самбаа, оюун билгээрээ бусдаас илтэд ялгаран Манжийн дээдэст ихэд тоогдож байсан гэх ба Манжийн хаан өөрийн хамгийн хайртай охиноо түүнд гэргий болгон өгч байсан нь хямсгар ихэмсэг Манжууд Цэрэнгийн авьяас чадварыг хэрхэн өндрөөр үнэлдэг байсны тод илрэл юм. Бага залуу насандаа Манжийн хааны үзэсгэлэнт охиныг гэргий болгон авч сууснаар Эфү буюу хүргэн хэмээн нэрийдэж алдаршсан алтан ургийн тайж угсаат Цэрэн тухайн үеийн Халх түмэнд төдийгүй, ер нь нийт Монголын түүхэнд гарсан цэрэг улс төрийн хамгийн гарамгай суут жанжнуудын нэг байсан гэдгээ хожим нь өөрийн түүхэн үйл ажиллагаагаараа батлан харуулсан байдаг. Төв Ази, Түвдийн өндөрлөг, Хасаг, Түрэг, Чантуу , лалын шашинтнуудыг дайлан дагуулж, удаа дараагийн, эцэс төгсгөлгүй дайн тулаанаар хатуужин чангарсан Зүүнгарын хүчирхэг дээрмийн бүлэглэлийн 26,000 дайчдыг Хангайн нурууны ар зоонд тосон авч зөвхөн өөрийн болон зэргэлдээх Халх хошуудаас бүрдсэн 15,000 орчим Халх цэргүүдийг удирдан тулж тоо, хүч, туршлагаар нэн давуу дайснаа бут цохин ялсан нь Цэрэнгийн хамгийн анхны бие даасан томоохон ялалт байсан төдийгүй эр зориг, суу ухаан, авьяас чадварын томоохон сорилт, түүний цааш цаашдын улс төр, дайны суут ялалт, амжилтуудынх нь үндэс болсон юм.

1731 оны зун Түшээт ханы нутаг болох Сүх Алдах, Үдийн Сөл, Цагаан Сөл гэх газруудад болсон энэхүү тулаан нь 1688 оны Галдан бошигтын булаан эзлэлтээс хойш даруй 43 жилийн дараа болсон Халх Зүүнгарын хоорондын анхны том байлдаан байсан төдийгүй 1727 онд Зүүнгарын Цэвээнравдан ханыг нас нөгчихөд хан суудлыг нь залгамжлан суусан Галданцэрэнгээс Халхын эсрэг хийсэн бүтэлгүй дайнуудын эхлэл байсан юм. Энэ тулаан нь Манж нарын зүгээс Халх Зүүнгарын зөрчлийг дэвэргэх хорт бодлого, тэдний хоорондын зэвсэгт мөргөлдөөнд бодит байдал дээр хэрхэн ханддагийг тодоор харуулсан ба, цэрэг дайны урлаг талаасаа судлаачдын анхаарлыг зүй ёсоор татдаг юм. Халхыг дээрэмдэн тонохоор Галданцэрэнгийн итгэлт жанжид болох, бүр Цэвээнравдан ханы үеэс идэр залуугаараа авьяас чадвараараа гайхагдаж зөвхөн Халх Монгол, Дөрвөн Ойрдад төдийгүй Ойрхи Дорнод, Төв Азид нэр түгэн алдаршиж, Түрэг, Хасаг, Түвдийг байлдан дагуулж, Манжийн хүчирхэг цэргийн хэсгүүдийг Хөх Нуур, Түвдэд удаа дараа бут ниргэн тэдэнд гүнээ айдас төрүүлдэг байсан Зүүнгарын алдарт ах дүү жанжид, их бага хэмээн нэрийдсэн Цэрэндондовууд их цэргээ өөрсдийн биеэр удирдан ирсэн ба тэд ялалтандаа ихэд итгэлтэй байсан аж. Дайн тулааны арвин их туршлагатай алдарт Цэрэндондовтнуудын давуу хүчийг зөвхөн Халх цэргийн хүчээр ялж, хөөн гаргасан энэхүү тулаан нь Цэрэнгийн дайн тулаанд авьяастай, эрэлхэг жанжин байсныг харуулаад зогсоогүй, хүчээ нэгтгэн оновчтой зөв удирдлагад байвал Халх Монголчууд суут эцэг өвгөд, Чингис Богдынхоо жишгээр эрэлхэг зоригтой дайтаж ялалт байгуулах чадвартай бөгөөд тэднийхээ эр зориг, авьяас чадварыг хадгалан үлдсээр байсныг батлан харуулсан юм. Эх орон, ард түмнийхээ төлөө хатан зоригт Халх цэргүүд зарим үед дөрөөнийхөө сурыг тас огтлон тулалдаж байв. Тулааны үед мориноосоо унавал аль болох олон дайсныг хороож эцэст нь унасан эх орныхоо шороонд амь, биеэ, ясаа өргөж байв. Тухайн үед нэн хүчирхэгжиж байсан Манж Чин Улсад улс төр, цэргийн холбоотон болон орсон Халхад Зүүнгарын их цэрэг довтлон Манжийн их цэрэг бүхий харуулын хажуугаар “тойрон” огт эсэргүүцэлгүй, ямар ч тулаангүйгээр өнгөрч Халхын нутгийн гүнд орж ирэн нөгөө аймаглан устгал, дээрэм тонуулаа чөлөөтэй хийж байсан нь хачирхалтай байсан ба, Зүүнгарын давуу хүчний эсрэг Цэрэнгийн хүссэн цэргийн тусламжийн хариуг Манж нар өгөлгүй огт хайхрахгүй өнгөрөөсөн нь Цэрэнд их л сэжигтэй санагдсан төдийгүй Халхчуудын зүгээс Манжид итгэх итгэлийг ихэд бууруулсан байна. Халх нэгэнт Манжид дагаар орж газар нутаг хүн ам нь Манжийн харьяат болсон байхад харийн цэргийн дээрмийн бүлэглэл чөлөөтэй нэвтрэн орж дээрэм тонуул, аймаглан устгал (genocide )хийж байхад Манжийн цэрэг огтхон ч хөдлөхгүй байсан нь цаанаа дээрэмчидтэй ямар гэрээтэй байсан нь ойлгомжтой юм. Зүүнгарын цэргийн бүлэглэл Халхын нутгийн гүнд тэр дундаа Цэрэнгийн хошууны нутагт ямар ч саадгүй нэвтрэн орж замд тааралдсан бүхнээ устган энгийн ард иргэдийг хүйс тэмтрэн хядаж, адуу мал, эд хөрөнгийг нь дээрэмдэн их хохирлыг учруулав. Байдал иймийн тул Цэрэн бодит байдалд дүн шинжилгээ хийж, холбоотон хэмээх Манж болон Халхын зарим ноёдын цэргийн тусламж нь огт найдваргүй хуурмаг гэдгийг ойлгон маш оновчтой шийдвэрийг бие даан гаргаж, өөрийн шууд удирдлагад буй цэргийн хүчээр дайсантайгаа тулах шийдвэрийг гаргасан байна. Хожим Зүүнгарын хан Галданцэрэнгийн удаа дараагийн довтолгооны эсрэг Цэрэнгийн бие даан явуулсан олон амжилттай байлдаан болон бусад үйл ажиллагаанаас ажиглахад Цэрэнгийн зүгээс Манжид найдах хэрэггүй гэдгийг бүрнээ ойлгож эх нутаг, ард түмнээ хамгаалах ажиллагааг хэнээс ч үл хамаарсан, бие даасан бодлого дээр үндэслэн явуулж байсан нь илт байдаг. Манж чин улсын төрийн бодлогын хуурамч нүүр царайг илчлэн харуулсан, Халх Монголын цэрэг армийн, ялангуяа Цэрэнгийн эр зориг, ур чадварын шалгуур болсон энэхүү тулаанд өмнөх жилүүдэд цэвэр Манж цэргийн бүрэлдхүүнтэй томоохон ангиудыг бут цохиж ихэд омогшсон Цэрэндондовуудаас гадна Зүүнгарын нэртэй жанжид болох Хайлунь, Манж (ойрад хүний нэр) нарын зэрэг олон шилдэгүүд нь оролцсон ба ихэнх нь энэ тулаанд алуулсан аж. Халхын талаас Түшээт Ханы Боохой тайж гэх эрэлхэг эрийн удирдсан 600 хүнтэй шилдэг отряд онцгой үүрэг гүйцэтгэсэн ба тус отряд Зүүнгарын гол хүчийг эр зоригтойгоор дайрч задлан бутраах, хүчийг нь сарниан үхрийн баас мэт таслан цувуулах үүргийг гүйцэтгэж байжээ. Бие биеэсээ зайтай тасралдан цувсан Ойрадын гол хүчийг Халхын цэргүүд тус тусад нь хиар цохин ялсан гэдэг. Жишээ нь нэгэн удаагийн тулаанд Боохой шилдэг отрядаа удирдан Ойрад цэргийн гол хүч рүү гэнэдүүлэн дайрч олон цэргийг алж, захаас нь гурван хүнийг амьдаар нь олзлон зугтсан байна. Цэрэндондов жанжин Боохойн араас өөрийн итгэлт жанжин Гүнцэгжав Хар Баатарт гурван мянган цэрэгтэй отрядаа өгч мөрдүүлсэн ба, Боохой ялагдан зугтсан дүр үзүүлж улам цааш холдон зугтаж нэхэн мөрдөгчдийг гол хүчнээс нь таслан дагуулан явсаар Цэрэн баатарын гол хүч хориглон нуугдсан отоонд оруулж дайснаа бүгдийг нь устгасан байдаг.

Түүхэн баримтуудаас харахад Сүх Алдах, Үдийн Сөл, Цагаан Сөл гэх газруудад болсон гол байлдаануудад Цэрэн баатарын зүгээс Зүүнгарын давуу хүчний эсрэг хэрэглэсэн тулааны арга зам нь нэн гайхамшигтай бөгөөд эзэн Чингисийн үеийн Монголын алдарт жанжид Зэв, Сүбээдэй нарын гавьяаг давтахуйц онцгой авьяас чадварыг харуулсныг түүхэнд тодорхой тэмдэглэн үлдээжээ. Зүүнгарын зүгээс Халхыг ахин дээрэмдэн талах, Цэрэнд ялагдсан өшөөгөө авах зорилготой дараачийн байлдааны ажиллагаа нь Зүүнгарын цуут жанжид ах дүү Цэрэндондовууд Халхын Цэрэн баатарт ялагдсан байлдаанаас яг нэг жилийн дараа буюу 1732 оны зун болжээ.Энэ удаа Зүүнгарын Галданцэрэн цэрэг дайны бэлтгэлийг сайтар базааж өөрийн биеэр 40,000 аас илүү тооны (Зүүн гарын дээрэмчдийн тоо 40-50 мянга орчим байсан гэдэг) дээрмийн том бүлэглэлийг удирдан Халхын нутгийн гүн лүү ахин ямар ч байлдаан, тулаан саадгүйгээр цөмрөн орж иржээ. Ховд, Заг Байдарагт байсан гэх Манжийн харуулууд, тухайлбал Манжийн цэргийн их жанжин Марсайгаас Галданцэрэнгийн цэргийг мөн л ямар ч эсэргүүцэлгүйгээр оруулсан байсан ба Бээжинд суух Манжийн хаан ч байдлыг сайтар мэдэж байсан нь чухам л Монголыг Монголоор хөнөөлгөх, болж өгвөл бүр хоёуланг нь бие биеэр нь устгуулах бодлогын тод жишээ болсон юм. Овжин Манжууд хожим нь Халхуудыг хууран жүжиг тавьж Марсай жанжиндаа хариуцлага алдсан тул шийтгэл хүлээлгэв хэмээн зэрэг дэвийг нь буулгасан дүр үзүүлсэн гэдэг.

Зүүнгарын Галданцэрэн дээрэмчид удирдан ирж Халхад ахин цөмрөн орлоо бүр Сайн Ноён Ханы нутаг, Цэрэнгийн төрсөн Тамирын гол орчмыг эзэлж, энгийн номхон иргэдийг хядан тонож байна гэх мэдээгээр Халхын ноёдууд өөр өөрсдийн хошуудаас цэрэг цуглуулан Ойрадуудтай дайтахаар илгээсэн аж. Ингээд Чин Ван Данзандорж, зоригт тайж Боохой тэргүүтэй Халхын ноёдын зөвлөлөөс өмнөх жилийн дайнд онцгой гавьяа байгуулж авьяас чадвараа харуулсан Цэрэнд итгэл үзүүлэн Түшээт ханы голдуу хошуудаас ирсэн их цэргийг удирдах эрхийг өгсөн байна. Энэ дайнд Халхын зарим ноёд “Ойрадууд манай хошуунд довтлоогүй” гэх шалтгаанаар оролцоогүйн улмаас зарим хошуудаас цэрэг огт ирээгүй тул Цэрэн баатарын удирдлагад дөнгөж 30,000 хүрэхтэй үгүйтэй цэрэг байсан гэдэг. Галданцэрэнгийн давуу хүчийг хэрхэн цохихоо Цэрэн жанжин сайтар бодож боловсруулсан ба шууд тулан байлдах нь хүч тэнцвэргүй байсан тул бөөн хүчний тулаанаас зайлсхийж дайсныхаа их хүчийг уулгамдан бутрааж сарниан цувуулан цохих нарийн төлөвлөгөө боловсруулсан гэдэг. Цэрэн жанжны шийдмэг ажиллагаа, ухаалаг, зоримог бодлогын хүчинд төлөвлөгөө амжилттай хэрэгжиж Галданцэрэнгийн дээрэмчдийн гол хүчийг одоогийн Архангай аймгийн нутаг Хэрсэн Чулуу, Хар Шанд гэдэг газруудад отоонд оруулан бут цохисон ба дээрэмчдийн үлдэгдлийг хөөсөн жижиг тулаанууд Тэс, Нөмрөг, Тэрих Цагаан нуур, Байдараг гол, Орхон гол, Эрдэнэ Зуугийн хийдийг дамнан бүр Алтайн өврийг давтал үргэлжилсэн гэдэг. Өдөр шөнийг үл ялган уулын хяр газрын өндөрлөгөөр нисэх мэт шуурхайлан давхиж дайсныхаа байрлалыг цаг мөч тутамд тагнан мэдэж байсан Халхын цэргийн туршуулын шилдэг отряд нь Халхын армийг энэ дайнд ялахад онцгой чухал үүрэг гүйцэтгэсэн хэмээн түүхэнд тэмдэглэн үлдээжээ. Тухайлбал Цэрэн жанжны итгэлт нөхөр Түшээт Ханы Туга-гүн (Тогоо гүн, Туга гүн гэх зэргээр бичигдсэн нэр байв) гэх нэгэн баатарлаг эр байсан ба тэрвээр мянган бээрийн газрыг богино хугацаанд туулах чадвартай төдийгүй уул толгодын оройд дүүлэн гарч бүргэд мэт дайснаа дээрээс нь хардаг байжээ. Харамсалтай нь Галданцэрэнгийн гол хүчийг бут цохиж ялсан Хэрсэн Чулуу, Хар Шандын гол тулааны дараа Халхын ихэнх ноёдууд дайн дууссан хэмээн үзэж өөр өөрсдийн хошууны цэргийг авч таран явцгаасны улмаас Цэрэнгийн хүч тооны хувьд ихэд цөөрч Галданцэрэнгийн ялагдсан цэргийн үлдэгдлийг үлдэн хөөж цохиход ихэд хүч дутагдалтай болж багагүй бэрхшээлийг туулсан гэдэг. Гэсэн ч гол тулаанаас хойш үргэлжилсэн 10 гаруй жижиг тулаанд Цэрэн жанжин бүгдэд нь ялалт байгуулсан аж. Галданцэрэнгийн үлдэгдлийг нь мөрдөн хөөж сунжран үргэлжилсэн байлдаанд Халхын Сүндэб тайжийн удирдсан мянгат гарамгай гавьяа байгуулсан гэж бичигдсэн байна. Халдаар ирсэн Галданцэрэнгийн их цэргийг бут цохин ялсан энэ байлдаан нь түүхэнд Халх Зүүнгарын хооронд болсон хамгийн том тулаан байсан ба цар хүрээгээр өмнөх тулаануудаас тухайлбал 1688 онд болсон Галдан бошигтын довтолгоо, мөн өмнөх жил нь буюу 1731 онд болсон Зүүнгарын Цэвээндондовуудын халдаар ирсэн дайнаас том илүү олон цэрэг оролцсон хүрээтэй байсан юм.

Зөвхөн Халх цэргийн хүчээр явагдсан энэхүү байлдаануудад Манж нар цэрэг зэвсгийн байтугай ямар ч туслалцаа үзүүлээгүй ба тийм ч учраас Халхын зарим ноёдын зүгээс Манжуудыг урьдын адилаар Ойрадуудтай, Галданцэрэнтэй эрх ашгийн ямар нэгэн тохиролцоо, нууц хуйвалдаан хэлэлцээртэй байсан байж болзошгүй хэмээн сэжиглэж байжээ. Үүний ч улмаас Цэрэн жанжин дараа дараачийн үйл ажиллагаандаа, ялангуяа гадаад бодлогын тал дээр Манжуудын оролцоог багасгах, аль болох бие даасан бодлого явуулах чигийг баримталж байсан нь харагддаг ба Халх Монголын эрх ашгийг хамгаалах тал дээр тэрбээр туйлбартай зогсож байв. Тухайлбал Орос болон Зүүнгартай хэлэлцээ хийж Халх Монголын хилийн зурвас тогтоох ажиллагааг Цэрэн өөрийн биеэр удирдан оролцож байсан төдийгүй, Оростой хэлэлцээ будлих үед Халх Монголчууд эх нутгаа өөрийн цэрэг зэвсгийн хүчээр хамгаалах чадвартай гэдгийг Оросуудад сануулах зорилгоор үхэр буугаар буудан ёслол хийж, цэргээ жагсаан морьт цэргийн марш хийн Умард Халхаа алдсандаа ихэд хорсон сүрийг үзүүлж хил дээр нь удаан хугацаанд их хэмжээний цэргийн хүч бөөгнөрүүлэн байсан аж. Манжуудын хувьд хүний нутаг ард иргэдтэйгээ өөр улсын мэдэлд шилжиж буй нь огтоос хамаагүй байлаа. Манжууд Халхуудын хүслээр Орос улстай Буриад болон Байгаль нуураас болон харилцаагаа муутгах ямар ч хүсэлгүй байсан тул умард Халхыг үг дуугүй Орост шилжүүлэхийг Халхуудад тушааж байв. Хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага хөөрхий гэдэгтэй адил умард Халхаа ингэж Оросын хаант улсад алдсан түүх энэ буй за. Сонирхолтой нь Цэрэн жанжин ийм үйлдэл хийснийхээ төлөө Манжийн төрөөс шийтгэл хүлээн зэрэг дэв буурч байсан байна. Цэрэн хэдийгээр Халхын Түшээт Ханаас салбарлан гарч хожмоо Сайн Ноён Хан хэмээн нэрийдэх болсон аймгийн нэгэн хошууны захирагч үе залгамжлагч ноён байгаад Халхын бусад томоохон ноёд, тайж нараас зэрэг дэв, албан тушаалаар бага байсан ч өөрийн авьяас чадвар, оюун ухаан, эр зоригоор тодрон гарч Халх Монголын төрийн үйл хэрэгт бусдыгаа оройлон оролцдог байсан нь түүний түүхэн амьдралаас тодорхой харагддаг. Тухайн үедээ нэн хүчирхэг байсан Зүүнгарын хант улсын армийг алдарт их бага Цэрэндондов жанжидтай нь, хүчирхэг Галданцэрэн хантай нь хамт удаа дараа бут цохиж ахин сэхэхгүй болтол нь даран Халх Монголын ард түмнээ сүйрэл, хоморголон хядагдах аюулаас хамгаалсан Цэрэн нь түүхэнд маш ховор төрдөг суу билэгт хүмүүсийн нэг гарцаагүй мөн юм. Газар нутгийн хол, Халх Монгол, Өмнөд Монголоор Манжуудаас тусгаарлагдсан байршилдаа дулдуйдсан Зүүнгарын үе үеийн ханууд эв аргын хүчээр Монгол үндэстнийг нэгтгэн зангидахын оронд, Халх Монголыг ганцаардуулан сулруулах бодлогыг хэдэн арван жилийн турш тууштай явуулж, улмаар дотоод гадаад зөрчлийг нь дэвэргэн эмзэг үед нь их цэргийн хүчээр гэнэдүүлэн дайрсан нь хожмоо нийт Монголд түмэнд харамсаж барамгүй уршигт үр дагаврыг авчирсан юм.[1]